Засвар, үйлчилгээний нөхцөл

“Эйпл Кэйр” ХХК нь SmartCare.mn цахим хуудсаараа дамжуулан Apple хэрэглэгчдэд мэргэжлийн засвар, сургалт, үйлчилгээг шуурхай үзүүлэхийг зорьж ажиллана. SmartCare.mn цахим хуудсын “Засварын хүсэлт илгээх” хэсэгт засварын үйлчилгээ авах бүтээгдэхүүний болон өөрийн холбогдох мэдээллээ оруулан, хүсэлтээ илгээснээр таны засварын захиалга үүсэх болно. Дараах үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой дурдагдсан эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрч байгаад тооцно. Бидний үзүүлж буй үйлчилгээ олон янз байдаг бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн цахим хуудсаар дамжуулан засвар үйлчилгээний захиалга өгч буй тохиолдолд хамаарна.

Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Нэг. Үйлчилгээний ерөнхий нөхцөл

  1. Үйлчилгээний нөхцөл нь "Эйпл Кэйр" ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэнэ/ болон үйлчилгээ болох smartcare.mn сайтын харилцагч, үйлчлүүлэгчдийн /цаашид “Үйлчлүүлэгч” гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.

  2. Үйлчилгээний нөхцөл нь үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй тохиолдолд гарсан бүх асуудлыг үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.

  3. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Эйпл Кэйр" ХХК-аар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн засварын үйлчилгээнд хамааралтай болно. 

  4. Бид үйлчилгээний нөхцөлийг өөрчилж эсвэл цахим хуудсаар үзүүлж буй үйлчилгээний шинж чанаруудыг харгалзан хүссэн үедээ өөрчилж болно. Шинэчлэгдсэн хамгийн сүүлийн хувилбарыг цахим хуудас дээрх "Үйлчилгээний нөхцөл" хэсгээс үзэх боломжтой. Өөрчлөлт хийгдсэн тохиолдолд өмнөх хэрэглэгчиддээ мэдээлэх ба та үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах юм бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.

  5. Эдгээр нөхцлүүд нь таны Apple бүтээгдэхүүн "төхөөрөмж" нь бидний салбар үйлчилгээний төвийн эзэмшилд хүлээлцсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд бид таны төхөөрөмжийг засварлаж, таны үлдэгдэл төлбөрийг хүлээн авах эсвэл өөр байдлаар буцааж өгөх хүртэл үргэлжлэх болно.

  6. Үйлчилгээ үзүүлэгч тал Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь Монгол улсын “Хувь хүний нууцын тухай” болон "Байгууллагын нууцын тухай" хуулиудаар зохицуулагдана.

Хоёр. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг

  1. Үйлчилгээ үзүүлэгч тал Үйлчлүүлэгчийн засварлуулах бүтээгдэхүүнийг хэвийн ажиллагаанд оруулж хүсэлтийг шийдвэрлэхийн тулд үйлчилгээний нөхцөл, бусад журмын дагуу ур чадвар, мэргэжлийн ёс зүй, нөөц бололцоогоо ашиглан, хүчин чармайлт гаргаж ажиллана.

  2. Засварын үйлчилгээ хийгдэж дуусах хугацааны урьдчилсан тооцооллыг танд мэдэгдэх болно. Энэ нь зөвхөн урьдчилж таамагласан тооцоолол бөгөөд эдгээр нөхцөлүүдийн дагуу Үйлчилгээ үзүүлэгч тал заавал биелүүлэх үүрэг биш юм.

  3. SmartCare нь үйлчилгээ үзүүлэх явцад Үйлчлүүлэгчээс шаардлагатай мэдээ мэдээллийг тодруулах эрхтэй.

  4. Үйлчлүүлэгчээс үйлчилгээний нөхцөлийг биелүүлэхийг шаардах эрхтэй;

  5. Хэрэв бид зайлшгүй шалтгаан, нөхцөл байдлын улмаас уг үйлчилгээг бүрэн гүйцэд хийх боломжгүй болох, эсвэл тохиролцсон төлбөр дээр нэмэлт зардал гарах шаардлагатай болсон тохиолдолд бид танд зохих хугацаанд нь мэдэгдэх болно.

  6. Хэрэв зарим нэг сэлбэг хэрэгсэл SmartCare-д бэлэн байхгүй бол бид танд тухайн сэлбэгийг захиалж авахыг санал болгоно. Тухайн тохиолдолд сэлбэгийг захиалахаас татгалзвал төхөөрөмжийг засварлахгүйгээр танд буцаан хүлээлгэж өгөх болно.

  7. SmartCare төвөөс Таны төхөөрөмж засагдаж бэлэн болсон талаар танд мэдэгдсэнээс хойш гуч (30) хоногийн дотор төхөөрөмжөө авах үүрэгтэй. Заасан хугацаанд аваагүй тохиолдолд таны төхөөрөмжинд SmartCare аливаа хариуцалага хүлээхгүй ба бид үйлчилгээний төлбөр тооцоог барагдуулах зорилгоор бүрэн захиран зарцуулах эсхүл агуулах чөлөөлөх зорилгоор хогонд хаях болно. 

  8. SmartCare нь төхөөрөмжийг танд хүлээлгэж өгөхдөө төхөөрөмжид үзүүлсэн засвар үйлчилгээтэй хамааралтай  хэсгүүдэд баталгаат хугацааг тодорхой хугацаанд өгч болно. Хэрэв тухайн төхөөрөмж нь ижил төстэй шинж чанар бүхий төхөөрөмжтэй харьцуулахад ижил түвшинд ажиллахгүй бол SmartCare нь өөрсдийн нэмэлт зардлаар яаралтай засварлах үүрэгтэй.

  9. Хэрэв таны төхөөрөмжид шаардлагатай аливаа сэлбэг байхгүйн улмаас та сэлбэг захиалан засварлуулахад шаардагдах хугацааг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн бид таны төхөөрөмжийг засах боломжгүй болсон тохиолдолд бид төхөөрөмжийг танд эргүүлэн засварлахгүйгээр хүлээлгэж өгнө. Энэ тохиолдолд оношилгоо болон бидний зүгээс хийгдсэн тодорхой ажлын хөлсийг Та бидэнд төлөх үүрэгтэй болно.

  10. SmartCare-ээр засвар үйлчилгээ авсны дараагаар баталгаат хугацаанд дараах тохиолдлуудад баталгаат хугацаа хүчингүй болохыг анхаарна уу. Үүнд

    1. Та эсвэл хэн нэгэн төхөөрөмжийг задалж, лацыг хөндсөн, эд ангийг сольсон, бусад засварын газраар засвар хийлгэсэн;

    2. Баталгааны хуудас дээр бичигдсэн бараа бүтээгдхүүний нэр, серийн дугаар нь үйлчилгээ авах барааны нэр, серийн дугаартай зөрсөн, өөрчилсөн, засварласан, арилгасан тохиолдолд баталгаа хүчингүй болно.

    3. Бараа бүтээгдхүүнийг зориулалтын дагуу ашиглаагүй;

    4. Стандарт бус цэнэглэгч хэрэглэснээс үүссэн гэмтэл;

    5. Давагдашгүй хүчин зүйлийн /түймэр, аянга, үер гэх мэт/ нөлөөллөөс үүссэн гэмтэл;

    6. Механик гэмтэл, барааны дотор хэсэгт шингэн зүйлс, тоос шороо гэх мэт гадны биет орсноос үүссэн гэмтлүүд;

    7. Баталгаат засварын үйлчилгээ нь чихэвч, холбогч кабель, цэнэглэгч зэрэг дагалдах хэрэгсэлд хамаарахгүй;

    8. Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ажилтны дэргэд шалгаж авна. Шалгаж аваагүй нөхцөлд гомдол хүлээн авахгүй болохыг анхаарна уу;

  11. Тодорхой нөхцөлд SmartCare нь таны төхөөрөмжийг өөр засварын төв рүү илгээж, засварын ажлыг гуравдагч талд гүйцэтгүүлж болно.

  12. Дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлэх тохиолдолд дуудлагын нэмэлт төлбөр тооцогдоно. Дуудлагаар тухайн байршил дээр засварын асуудал бүрэн шийдэгдэх боломжгүй тохиолдолд хүсвэл төхөөрөмжийн техникийн нөхцөл байдлыг хүлээлцэх баримтыг үйлдэн засварын төв рүү татан авчирч болно.

Гурав. Засвар үйлчилгээ хийх

  1. Баталгаат хугацааны явцад баталгаат засварын үйлчилгээ үзүүлэхэд баталгаат засварын хүчин төгөлдөр хуудсыг /тус төвийн барааг хүлээлгэн өгсөн ажилтны гарын үсэг, тамга тэмдэгтэй/ үндэслэн үйлчилнэ. Тиймээс Та үйлчлүүлэхдээ баталгаат хуудсыг заавал эх хувиар авч ирэх шаардлагатай.

  2. Хэрэв засварын хэрэгцээ шаардлага нь баталгаат засварын үйлчилгээнд хамаарагдахгүй хэсгүүдэд хийгдэх шаардлагатай бол тэрхүү засварыг тогтоосон засвар үйлчилгээний үнийн дагуу тооцох болно. Ямар нэгэн засварын ажил эхлэхээс өмнө бид танд төлбөрийн талаарх мэдээллийг хүргэх болно. Хэрэв төхөөрөмжийг засварлах зардлыг урьдчилж тодорхойлох боломжгүй тохиолдолд, засвар дууссаны дараа танд засварын зардлыг мэдэгдэж болно.

  3. SmartCare нь засварын өмнө болон дараа таны төхөөрөмжид алдаа, гэмтэл байгаа эсэхийг шалгах зорилгоор туршилт /тест/ хийнэ. Алдаа дутагдал, нэмэлт засварын талаар бид танд мэдэгдэх бөгөөд тухайн нэмэлт засварыг үргэлжлүүлэхээс өмнө таны зөвшөөрлийг авах болно. Хэрэв засварын явцад өөр нэмэлт алдаа, гэмтэл илэрсэн бол SmartCare нь хариуцлага хүлээхгүй.

  4. Та засвар хийгдсэн төхөөрөмжөө манай засварын төвөөс хүлээн авах, эсвэл хүргэлтээр авахдаа ажиллагааг сайтар шалгаж авах үүрэгтэй. Хэрэв төхөөрөмжийг хүлээн авснаас хойш асуудал илэрвэл 72 цагийн дотор утсаар эсвэл биечлэн ирж бидэнд мэдэгдэнэ. Заасан хугацаанд мэдэгдсэн тохиолдолд бид тухайн төхөөрөмжтэй холбоотой асуудлыг биечлэн шалгаж үзээд, хэрэв засвар хийгдсэн хэсгүүдэд бидний засварын үйл явцад гарсан гэмтэл байвал буцаан авч, нэмэлт төлбөргүйгээр засварлах болно. 

  5. Таны төхөөрөмжид оношилгоо хийгдсэний дараагаар бидний мэдэгдсэн засварлуулах шаардлагатай зарим эд ангийг Та хэсэгчлэн засуулахаас татгалзсан ч засварын явцад бүхэлд нь засуулахаар шийдвэрээ өөрчилж болно. Энэ тохиолдолд бид огтхон ч төвөгшөөхгүйгээр шаардагдах нэмэлт зардал болон цаг хугацааг танд тооцон мэдэгдэж харилцан тохиролцсон тохиолдолд хүссэн нэмэлт засварыг гүйцэтгэнэ.

  6. SmartCare нь төхөөрөмжийг танд болон таныг албан ёсоор төлөөлөх хүнд буцааж өгсөн өдрөөс хойш 72 цагийн дараа гарсан аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй. Дурдсан хугацааны дараа илэрсэн бэрхшээлийг өмнөх засвараас тусдаа шинэ асуудал гэж үзэх болно. Төхөөрөмжид шинээр үүссэн гэмтэлтэй холбоотой засвар үйлчилгээ хийх бол нэмэлт төлбөр авах болно.

  7. Тухайн төхөөрөмж эвдэрсэн, асахгүй, үйлдлийн систем ачаалахгүй, дэлгэц асахгүй, дэлгэцний мэдрэгч ажиллахгүй, цэнэглэгдэхгүй гэх мэт үйл ажиллагааг туршин шалгах боломжгүй нөхцлөөр хүлээлгэн өгсөн тохиолдолд мэргэжилтэн оношилгоо хийх явцад мэдэгдсэн нэмэлт асуудлуудад SmartCare хариуцлага хүлээхгүй. Дээр дурдсан тохиолдлуудад хамаарах асуудлыг засварын явцад шийдвэрлэх боломж хэрэв байгаа бол, нэмэлт цаг хугацаа болон зардлын хамт танд мэдээлэх болно.

  8. Хэрэв таны төхөөрөмжийн гэмтэл эх хавтан /mainboard/ эсвэл микро, IC чипний түвшинд аливаа цахилгаан хэлхээтэй хамааралтай засвар хийгдэх шаардлагатай байвал энэ нь нарийн ур дүй шаардсан, эрсдэл өндөртэй засварын төрөлд тооцогддог. Бид таны төхөөрөмжид засварын үйлчилгээ үзүүлэхдээ бүх хүчин чармайлтаа дайчлан хичээн ажиллах боловч дээрх нарийн ажилбарын явцад төхөөрөмжийн үйл ажиллагаа, эд анги, доторх мэдээлэл, өгөгдлийг сэргээх, мөн үүнтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар өөр хариуцлага хүлээхгүй. Ийм төрлийн засварын хувьд засвар амжилттай хийгдээгүй байсан ч хөдөлмөрийн зардал, сэлбэг, материалын хангамж зэрэг зардлууд гардаг тул зөвхөн зардлыг тооцсон хамгийн бага үнэлгээгээр төлбөрийг авах болно.

Дөрөв. Төлбөрийн нөхцөл

  1. Үйлчлүүлэгч тал үйлчилгээ авахаас өмнө төлбөрийн урьдчилгаа, засвар хийгдэж дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн дагуу ажлын 3 хоногийн дотор Үйлчилгээ үзүүлэгч “Эйпл Кэйр” ХХК-ийн дансанд шилжүүлснээр төхөөрөмжөө хүлээн авах эрхтэй болно.

  2. Үйлчлүүлэгч тал нь засварын төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийн төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгч талд төлнө.

  3. Ямар нэг байдлаар төлбөрийн буцаан олголт хийх шаардлага гарвал: 

    1. Буцаан олголтын хүсэлтийг засвар үйлчилгээ авснаас хойш 7 хоногийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлэх ёстой. 

    2. Буцаан олголт хийх эцсийн шийдвэр нь үйлчилгээ үзүүлэгч талын шийдвэрийн дагуу олгоно. 

    3. Төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн байсан ч буцаан олголтыг банкны шилжүүлгээр эсвэл цахимаар л хийнэ.

    4. Буцаан олголтыг зөвхөн төлбөр төлсөн буюу үйлчлүүлэгчийн өөрийнх нь нэрийн дансанд шилжүүлнэ.

    5. Буцаан олголтын үйл явцыг дотооддоо зөвшөөрч, шийдвэрлэсний дараагаар ажлын 7-10 хоногт багтааж олгоно.

    6. Хамгийн бага төлбөр буюу оношилгоо үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.

    7. Үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй бусад асуудлууд гарсан тохиолдолд info@SmartCare.mn хаягаар өргөдөл, хүсэлтээ бичнэ үү.

Тав. Нууцлал ба Аюулгүй байдал

  1. Та манай цахим хуудсыг ашиглахдаа товч анкетад оруулсан хувийн мэдээлэл болон төхөөрөмжийн мэдээллийг та болон таны хэрэгцээг тодорхойлох зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрч байгаад тооцно.

  2. Засварын хүсэлт илгээхийн тулд та өөрийн нэр, имэйл хаяг болон бусад хувийн мэдээлэл, мөн засвар хийлгэх гэж буй Apple-ийн бүтээгдэхүүнийхээ мэдээллийг багтаасан товч асуулга бөглөх шаардлагатай. SmartCare-т оруулсан мэдээлэл нь үргэлж үнэн зөв бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байх шаардлагатай.

  3. Хэрэв та цахим хуудаст бүртгүүлсэн эсвэл манай Үйлчилгээг авч байсан бол бид танд хамгийн сүүлийн үеийн үйлчилгээ, мэдээ, тусгай саналуудыг үе үе шинэчлэн и-мэйлээр болон утсаар мэдээлэл хүргэх болно.

  4. SmartCare-д бүртгэгдсэн таны мэдээллийг бид бусдад задруулахгүй бөгөөд харилцагчийн бүртгэлийн санд хадгалах болон мэдээлэл илгээхээс өөр зорилгоор ашиглахгүй болно.

Зургаа. Хариуцлага

  1. Хэрэв гэрээний оролцогч аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлнө.

  2. Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон болон хуулиар хамгаалсан нөгөө талынхаа нууцыг задруулснаас үүдсэн аливаа хохирол хариуцлагыг буруутай тал бүрэн хариуцаж нөхөн төлнө.

  3. Үйлчлүүлэгч нь засвар үйлчилгээ авахаар SmartCare төвийн ажилтанд төхөөрөмжөө хүлээлгэн өгөхөөсөө өмнө өөрийн өгөгдлийг хуулбарлан нөөцөлж авсан байх шаардлагатай бөгөөд устгагдсан тохиолдолд SmartCare нь хариуцлага хүлээхгүй болно.

  4. SmartCare нь энэ үйлчилгээний нөхцөлд тусгагдсанаас бусад шалтгаанаар үйлчлүүлэгчийн аливаа бизнесийн орлого, ашиг, хүлээгдэж буй орлого, алдагдсан боломж, нэр хүнд, алдагдал, хохирол гэх мэт аливаа шууд бус үр дагаварт хамаарах хариуцлагыг хүлээхгүй. 

  5. Үйлчлүүлэгч тал засвар хийгдсэний дараа төхөөрөмжөө албан ёсоор хүлээн авснаас хойш 72 цагийн дотор аливаа нэгэн санал гомдлыг бичгээр мэдүүлээгүй тохиолдолд энэхүү нөхцөлийн дагуу SmartCare хариуцлага хүлээхгүй болно.

Долоо. Маргаан шийдвэрлэх

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн аливаа санал гомдлыг 77008877 утсаар мөн info@smartcare.mn имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.

  2. Энэхүү үйлчилгээтэй холбоотой харилцаанаас үүсэх аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд эс хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Найм. Бусад зүйл

  1. Хүчин төгөлдөр болох: Энэхүү үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн шалтгаанаар цуцлах, хугацаа нь дуусахаас бусад бүх тохиолдолд үйлчилгээ авсан бол хүчин төгөлдөр үйлчилнэ.

  2. Нэмэлт, өөрчлөлт: Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах бол энэ талаар талууд нөгөө талдаа ажлын 7 /долоо/-гоос доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, нэмэлт өөрчлөлт оруулна.

  3. Дуусгавар болох: Талууд тохирсон үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, баталгаат хугацаа дууссанаар үйлчилгээ үзүүлэх харилцаа дуусгавар болно.

  4. Нууцлал: Гэрээ байгуулсантай холбоотойгоор талууд шууд болон шууд бусаар мэдсэн, олж авсан, бизнесийн нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээлэл, баримт (бүх төрлийн гэрээ, хэлцэл, үнийн санал)-ыг нөгөө Талын зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд амаар болон бичгээр задруулахгүй, дамжуулахгүй байх үүргийг 3 жилийн хугацаанд хүлээнэ.  Үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан олж авсан, мэдсэн Үйлчлүүлэгчтэй холбоотой аливаа мэдээлэл, баримт материалын нууцлалыг чанд хадгалах, өөрийн болон бусдын ашиг сонирхолд ашиглахгүй, задруулахгүй, нийтэд ил болгохгүй байх үүрэг хүлээнэ.

***